Хайлт

Зургийн Сангаас

Thursday, December 30, 2010

Шинэ жилийн мэнд дэвшүүлье


Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан

Аз жаргалийн мөнгөн жимээр

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн

Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож

Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж

Одот тэнгэрийн зурваст 2009 он түглээ

Ирж байгаа шинэ он маань

Ирэх зууны эхлэл болж

Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн

Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж

Эргэх цагийн хэлхээс болсон

Шинэ онтойгоо бид мэндэлнэ

Шинэхэн цасны хаялга дор

Түүхийн хуудас эргэнэ

Сайхан баярлаарай. Манайхаан ^^

Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд



*Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж.
*Ромчууд шинэ жилийн баярыг өнөөгийн тооллоор гуравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг байжээ.
*Олон төрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдүгээр сарын 1-нийг шинэ оны эхний өдөр хэмээн ЗТӨ 153 онд тунхагласан байна.

*Загалмайтны шашинт ихэнх нутагт он солигдсоны дараахан ирсэн зочин тухайн оны аз, амжилтыг бэлгэддэг гэдэгт хүмүүс итгэдэг. Шинэ оны анхны зочин өндөр, бараан үстэй эр бол тухайн гэр бүл шинэ онд аз жаргалаар дүүрэн байдаг гэж тэд үздэг байна.
*Шинэ оны эхний өдрийг дэлхийн улс орон бүр нэгдүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй ч цагийн эрхээр дэлхий нийт нэгдсэн хуанлийг мөрдөж эхлээд удаж буй. Гэхдээ уламжлалт цаг тооны бичгээ баримталж шинэ оны баярыг өөрсдийнхөөрөө тэмдэглэх нь бий. Тэдгээр орнууд шинэ оны баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг.
*Грегорийн тооллыг дэлхий нийтээрээ даган мөрдөх болсноор шинэ жилийн баярыг ч дэлхий нийт зэрэг тэмдэглэх болов. Католик шашинт орнууд уг хуанлийг эртнээс дагасан. Харин протестантууд тэдэнтэй нэгдтэл багагүй хугацаа өнгөрсөн юм.
*Герман 1700, Их Британи 1752, Швед 1753 онд тус тус Грегорийн хуанлийг мөрдөж эхэлжээ. Харин Дорнын улсууд загалмайтны тоолол гэгдсэн уг тооллын системийг нэлээд хожуу хүлээж авсан. Япон 1873, Хятад 1912 онд Грегорийн тооллыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
*Зүүний үнэн алдартнууд бүр ч хожим буюу 1924 болон 1927 онд Грегорийн хуанлийг хүлээж авчээ. Орос мөн хоёр ч удаа уг хуанлийг мөрдөх шийдвэр гаргасан бөгөөд 1918 оны шийдвэрээ тун богино хугацааны дараа цуцалж уламж-лалт цаг тооллын бичигтээ шилжсэн ч удалгүй 1924 онд дахин Грегорийн хуанлийг хүлээж авсан юм.
*Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ.
*Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж.
*Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерөнхийлөгч бол Фрэнклин Пиерс.
*Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
*Барууны ертөнцөд алдартай “Зул сарын 12 өдөр” дуунд шинэ жилийн баяраар 364 бэлэг хүлээж авах тухай өгүүлдэг.
*Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”.
*”Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.
*Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гүйлгээтэй байдаг үе бол Зул сар болон шинэ жилийн баяр.
*Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг.
*Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
*Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг.
*1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
*Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
*Нью-Йорк хотын “Таймс” талбайд уламжлал болон зохиогдох болсон шинэ жилийн баярын анхын цэнгүүн 1904 онд болсон байна.
*Эртний персүүд шинэ жилийн баяраар бие биедээ өндөг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, өнөр өтгөн гэр бүлийг бэлгэддэг байж.
*Рош Хашанах хэмээх еврей шинэ жилийн баяраар хүүхэд бүрт шинэ хувцас бэлэглэдэг заншилтай.
*Оны сүүлийн өдөр грек охид унтахын өмнө шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хүнс он солигдох мөчид тэдэнд ирээдүйн нөхрийг нь зүүдэнд нь харуулдаг гэх сүсэгтэй холбоотой.
*Ром тоололд нэгдүгээр сарыг Янус бурхны нэрээр нэрлэсэн нь хаалга хэмээх утга илэрхийлдэг.
*Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.
*Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна.
*Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг.
*Харин Филиппинд шинэ жилийн баярт зориулсан онцгой амттан байхгүй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бөгөөд байгаа бүхнээ-рээ гэдсээ гартал хооллодог.
*Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ.
*Зүүний сүвэгч дээр бүтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод. 0.5 мм өндөр уг модыг бяцхан охины хамт бүтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бүтээгч Виллард Виган содон бүтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ.
*Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.
*Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.

Мэдээллий эх сурвалж - www.inet.mn

Sunday, December 26, 2010

БНСУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБОО /СМОХ/-НЫ 2010 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ УДИРДАМЖ



Тасалбарыг урьдчилан захиалахын тулд төлбөрийг Үри Банк /우리은행/-ны 1002-341-983133 тоот дугаарын дансны эзэмшигч KHASHBAATAR BATBAATAR-ын дансаар шилжүүлсний дараа тухайн шилжүүлэг хийгдсэн он сар өдөр, сургуулийн нэр, оюутны тоо болон нэрс, эргэж холбогдох утасны дугаарын хамт тодорхой бичиж cmoxcmox@yahoo.com хаягаар болон 010-3147-6400 дугаарын утасруу ирүүлнэ үү.
Тайлбар: Оргилуун дарс(6 хүний дунд), Шинэ жимсний цуглуулга(6 хүний дунд), Амтат бялуу(6 хүний дунд), цэвэр ус 1 ширхэг (хүн тус бүрт), пиво 2ширхэг( хүн тус бүрт ), зэргийг тасалбарт хамруулсан бөгөөд “ СМОХ-ны уламжлалын дагуу “Эв нэгдэл”, “Эх орон” шагнал гардуулах ёслолоос гадна Шилдэг Жентлмен болон даашинзтай бүсгүй, азын тасалбар, шилдэг бүжигчин зэрэг хөгжөөнт тусгай арга хэмжээгээр авьяас овсгойтой оюутан залуусыг шалгаруулж дурсгалын зүйлс, гарын бэлэг гардуулна. Үүнээс гадна Маш олон Сюрприз та бүхнийг хүлээж байгаа тул амжиж шинэ жилийн цэнгүүний тасалбараа захиална уу.

Шинэ жилийн цэнгүүний тасалбарын захиалгыг 2010 оны 12 дугаар сар 23-ны өдрийн 18.00 цаг хүртэл авах бөгөөд шинэ жилийн үдэшлэг дээрээс бэлнээр авч болно.

Нэг. Зорилго
Энэхүү цэнгүүн нь эх нутгаасаа алсад, гадаадын их дээд сургуулиудад суралцагч Монгол оюутан залуус 2010 оны алдаа, оноогоо дүгнэн үдэж, 2011 оноо аз хиймориор ерөөн угтах баярт мөчөө хамтдаа тэмдэглэж, 2010 оны шилдэг оюутан залуусаа шалгаруулан, шагнал урамшуулал олгохын сацуу нийтэд зарлан таниулах зорилготой билээ. Хамтдаа цэнгэлдэх тэрхүү мөчүүдийг мартамгүй гэгээн дурсамж болгон үлдээнэ гэдэгт бид итгэж байна.
Хоёр. “2010 оны шилдэг оюутнууд”-ыг шалгаруулах.
Дараахь номинациудаар 2010 оны шилдэг оюутнуудыг шалгаруулах бөгөөд сургууль тус бүр номинациудад нэр дэвшүүлэх оюутнуудын материалыг бүрдүүлэн 2010.12.24-ний өдрийн 18.00 цаг хүртэл cmoxcmox@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.
Номинациуд:
1. Эв Нэгдэл Өргөмжлөл
2. Эх Орон Өргөмжлөл
3. Оны Шилдэг Докторант Оюутан
4. Оны Шилдэг Магистрант Оюутан
5. Оны Шилдэг Бакалавр Оюутан
6. Оны Шилдэг Солонгос Хэл Суралцагч Оюутан
7. Оны Шилдэг Тамирчин Оюутан
8. Оны Шилдэг Авъяас Билэгт Оюутан
9. Оны Шилдэг Нийтлэгч Оюутан
10. Оны Шилдэг Сургууль
11. Оюутанд Ээлтэй Хүн
12. Оюутанд Ээлтэй Байгууллага
Шалгаруулалт:
СМОХ нь “Эрдэм, Эв нэгдэл, Эх орон” гэсэн өөрийн уриан утга зорилгод нийцүүлэн “Эрдэм Өргөмжлөл”, “Эв Нэгдэл Өргөмжлөл”, “Эх Орон Өргөмжлөл”-өөр шилдгийн шилдэг оюутан, бусад зүтгэлтнийг шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай билээ. Эдгээр өргөмжлөлийн эздийг тодруулахдаа тухайн сургуулийн Монгол оюутны зөвлөлөөс ирүүлсэн тодорхойлох захидлыг гол шалгуур болгох тул зөвлөлүүд эдгээр номинациудад шилдгийн шилдэг оюутнаа тодорхойлно гэдэгт итгэж байна. Эдгээр шилдгийн шилдэг өргөмжлөлд болон бусад номинациудад давхардуулан нэр дэвшүүлж болохгүйг анхааруулъя.
Жич: “Эрдэм Өргөмжлөл”-ийг Хаврын баярын эрдэм шинжилгээний хурлаар шалгаруулдаг уламжлалтай.
“Оны Шилдэг Докторант Оюутан” номинацид судалгааны ажлын ач холбогдол нь өндрөөр үнэлэгдэж, тухайн мэргэжил салбарын төдийгүй бусад нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүлэл, олон улсын болон өндөр зэрэглэлтэй хурал, чуулганд оролцож илтгэгдсэн байдал зэргийг гол шалгуур болгох тул сургууль тус бүр шилдэг бүтээлч оюутнуудаа тодорхойлно уу. Сэтгүүлд хэвлэгдсэн байдал болон хурал, чуулганд тавигдсан илтгэлээ ямар нэгэн байдлаар батлан хавсаргана уу.
“Оны Шилдэг Магистрант Оюутан”, “Оны Шилдэг Бакалавр Оюутан”, “Оны Шилдэг Солонгос Хэл Суралцагч Оюутан” номинациудад шалгаруулахдаа суралцсан хугацааны сурлагын голч дүн нь гол шалгуур болох ба мөн дээрхийн адил бусад шалгууруудыг харгалзана. Жич: “Оны Шилдэг Солонгос Хэл Суралцагч Оюутан” номинацид зөвхөн хэлний курс, бэлтгэлийн оюутнуудыг шалгаруулах зорилготой болно.
Бүрдүүлэх материалууд:
1. Сургуулийн тодорхойлолт буюу 재학증명서;
2. Сурлагын голч дүн буюу 성적증명서;
3. CV буюу өөрийн товч танилцуулга, \Монгол хэл дээр\
4. Сургуулийнхаа Монгол ОЗ-ийн даргын тодорхойлсон албан бичиг \Монгол хэл дээр\
“Оны Шилдэг Тамирчин Оюутан” номинацид өнгөрч буй онд Монгол, Солонгос улсуудад төдийгүй бусад гадаад орнуудад зохиогдсон уралдаан, тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасан нэг оюутныг тодорхойлно уу. Ингэхдээ амжилтаа батлах одон медаль, гэрчилгээ зэргийн хуулбарыг хавсарган ирүүлэх шаардлагатай.
“Оны Шилдэг Авъяас Билэгт Оюутан” номинацид Монголдоо болон гадаад орнуудад урлагийн наадам, тоглолт, үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л салбарт амжилттай оролцсон оюутны нэрийг дэвшүүлнэ үү. Дээрхийн адилаар, амжилтаа баталсан одон медаль, гэрчилгээ зэргийн хуулбарыг хавсаргана уу.
“Оны Шилдэг Нийтлэгч Оюутан” номинацид www.cmox.org вэб хуудсанд хамгийн олон бичилт оруулсан оюутанг шалгаруулах ба энд зөвхөн 2010 оны үндсэн бичлэгүүдийн тоог хамруулна. Comment-уудын тоог оруулахгүй болохыг анхааруулъя.

“Оны Шилдэг Сургууль” номинацид СМОХ төдийгүй Солонгос дахь Монголчуудынхаа дунд идэвхи санаачлага гарган нэгдэн ажиллаж төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн ажилд бусдыгаа манлайлан оролцож, нийгэмд тустай үйл бүтээсэн сургуулийн хамт олныг шалгаруулна. Тус номинацид нэр дэвших сургуулиуд хамт олныхоо хийсэн ажлын тайлан, үр дүн, ач холбогдол зэргийг үнэлсэн захидлаар тодорхойлно уу.
“Оюутанд Ээлтэй Хүн”, “Оюутанд Ээлтэй Байгууллага” номинациудад Солонгос улсад суралцаж буй Монгол оюутнуудыг сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд болон яаралтай тусламж хэрэгтэй үед хамгийн их туслаж, дэмждэг хувь хүн, байгууллагыг шалгаруулах тул өөрсдийн сайн мэдэх хувь хүн болон байгууллагыг тодорхойлно уу. Мөн энэ номинацид гадаад хүн, байгууллагыг тодорхойлж болно.
Жич: Сургууль тус бүр дээрх номинациудад нэр дэвших оюутнуудын материалуудыг ирүүлэхдээ сургуулийн тодорхойлолтыг (재학증명서) заавал хавсаргасан байхыг анхааруулъя! Бүх шалгаруулалт, номинациудад өргөмжлөл, шагнал олгоно.
Ингээд cmoxcmox@yahoo.com хаягруу илгээнэ үү.
Гурав. Сургуулиудын урлагийн үзүүлбэр
Шинэ жилийн цэнгүүнээ оюутнуудынхаа авъяас чадварт түшиглэн гоёмсог, хөгжилтэй болгох зорилгоор сургуулиудын урлагийн үзүүлбэрийг оруулж байна. Энэ нь оюутнуудад сургуулиа сурталчлахын сацуу өөрийн авъяас, чадвараа бусаддаа нээн харуулах боломж олгож буй хэрэг юм. Иймд энэхүү үзүүлбэрт оролцох хүсэлтэй баг хамт олон 2010.12.24-ний дотор cmoxcmox@yahoo.com хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг хүсье. Урлагийн үзүүлбэрийн төрөлд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, өөрсдийн хүссэн үзүүлбэрээ бэлдэж болох ба зохих шалгуураар шүүж, СМОХ-ны Шинэ жилийн цэнгүүнд урих болно.[b]
Шинэ жилийн цэнгүүн болох газрын байршил:

2010.12.13
СМОХ.

Thursday, December 23, 2010

Айлчлан ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

Friday, December 17, 2010

MIAT bolon olon ulsiin nislegiin tiiziin zahialga avch bna

Jeonju hotod MIAT bolon olon ulsiin nislegiin tiiziin zahialga avch bna,

mun solongos irgend mgl-iin visa avhad ni zuuchilna.

01084273010. bbaagii999@yahoo.com

Sunday, December 5, 2010

Сайхан Монгол Бүсгүй


Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох ахул. бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж.

-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.

-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцxан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй. Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ.

-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг, "өөдгүи арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг, "чи минь мундаг шүү " гэж магтаж байвч , атаархал хэл амнаас халхалж байдаг бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний ааш аягаас илүү элдэвтэй нь зүйргүй билээ.


Харьд буй монгол бүсгүйчүүддээ


Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн үүртэж л яваа. Алтан ээмэг сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.

Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан, хүнд үйлдвэр, хими цэвэрлэгээ, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, лангуу, хөгшид асрах ажил, хаа нэгтээ хөдөлмөрлөж явна. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна. Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий.

Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.

Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй.

Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай, итгэл батжидаг юм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Монгол эрчүүдээ өмөөрөхүй

Монгол эр хүн хүчтэй хийморьтой байж Монгол улс хүчтэй байна.Тиймээ! Түүхийн хатуу ширүүн зуунуудад морины нуруун дээр илд ,саран бамбай барьж,исгэрэх сумны өөдөөс аймшиггүй тэмцэж явсан Монгол эр хүний нуруун дээр ихэнх он жилүүд өнгөрч, та бидний энэ амьдарч байгаа эрх чөлөө тусгаар тогнолыг авчирсан гэвэл маргах хүн гарахгүй биз ээ.. Монголчуудыг хүчтэй ард түмэн байлгахын гол үндэс нь, голомтон дээрээ төрсөн нуган үрээ эрхэмлэн дээдэлж их холын ухаанаар эр хүнийг бэлтгэх Монгол ухаан байсан. Үүний тод жишээ нь үндэсний бөхөөрөө дамжуулж эрэгтэй хүүхдээ төлөвшүүлэн хүмүүжүүлж ирдэг байсан баялаг туршлагатай ард түмэн билээ. Бөх нь түвшин бол Монгол эр хүн түвшин байна,эр хүн нь түвшин бол гэр бүл түвшин байна,гэр бүл түвшин бол улс орон түвшин байна гэсэн ардын сайхан сургааль байдаг.

Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм хамт олон,гэр бүлд эр хүнийг эрхэмлэх чанар алдагдаад байгаа нь ажиглагдах боллоо.Мэдээллийн хэрэгсэлүүдээр сөрөг мэдээлэл сэтгэгдэлүүд гарч эрчүүдийг зэмлэх,гутаах,арчаагүйгээр нь дуудах доромжлох хандлага мэр сэр гарах болсоныг нуугаад яахав. .Монгол сайхан аавын охин болж төрчихөөд Монгол эр хүнийг муулдаг бүсгүй байдаг гэдэгт би эргэлздэг.Нээрээ Монгол эрчүүд маань ийм арчаагүй сул дорой болчихсон юмуу гэж бодоод эргэн тойрныхоо эрчүүдийг ажихад бүгд л өөрийн гэр бүлийнхээ төлөө үүргээ ухамсарлаад зүтгэж л байх юм. Мэдээж эр хүнд, хүнд байдаг сайн,муу чанарууд аль аль нь зэрэгцэн оршиж л байгаа шүү дээ. Нийгэмд эр хүний үнэ цэнийг бууруулах сөрөг сурталчилгаа их явагдаж байна.Би өөрөө эр хүн учраас эр хүнд буруу өгсөн аливаа зүйлд дургүйдээ эрчүүдээ өмөөрч энэхүү нийтлэлээ бичиж сууна.

Түүхийн хатуу хүтүү нугачаанд Монгол эрчүүдэд чиглэсэн, Монгол эрчүүдийн хүч чадлыг доройтуулж, улмаар Монгол улсыг хүчгүй сул байлгах харийн бодлого олон зуунаас эхтэй одоо хүртэл үргэлжилж л байна.Манжийн дарлалд 200 жил болоход айл болгоны эр хүнийг номхон хүлцэнгүй байлгахын тулд хүчээр лам болгож байсан бол Ардын Хувьсгал ялснаас хойш буюу 1937-1939 оны хооронд тухайн үед Монголын хүн амын 10% болох 80.000 орчим эх орноо гэсэн сэтгэлтэй аль өнгөтэй өөдтэй мэдлэгтэй сэхээтэн,цэргийн зүтгэлтэн эрчүүдийг хэлмэгдүүлж буудан хороож,тамлаж,шоронд хорьж байсан бол 1970-1980 оны үед сэхээтний төөрөгдөл нэрийн дор олон олон эрчүүдийг хэлмэгдүүлж байсан.1990 оноос хойш ардчилал зах зээлийн нийгэм байгуулж эхэлсэнээс хойш мөн л энэ байдал үргэлжилж хятадаас тонн тонноор нь хүний оюун ухаанд нөлөөлөх спиртийг үнэгүй шахам оруулж ирж архин далайд Монгол эрчүүдийг живүүлэх бодлого явагдсан шүү дээ.

Эр хүн гэдэг маш том бодьгал юм.Эр хүний орон зайд улс орон,хань ижил, үр хүүхэд нөмөрлөж байдаг гэдэг шүү дээ. Зууны манлай дуучин Б.Сарантуяа нэгэн ярилцлагандаа "Хүүгээ эзгүй байхад гэр нь хоосроод эзгүйрдэг. Эр хүн гэдэг чинь багаддаггүй юм байна лээ" гэж дурдсан байсан.1994 оноос хойш Монгол улсыг хөгжүүлэх хүчирхэг эрүүл чийрэг, нөхөн үржихүйн насны ид хийж бүтээх насны эрчүүдийг Япон.Солонгос,Чех улсуудад экспортлох болсон.Монгол улс шиг улс төрийн намууд нь сонгуульд өрсөлдөхдөө Монгол улсыг хөгжлийн төлөө бус харь орныг хөгжүүлэх бодлого барьж Монгол улсыг хөгжүүлэх эр хүнийг гадаадад ажиллах хүчин нэрээр гаргаж байдаг улс манайхаас өөр байдаг болов уу???

Одоо дэлхийн 140 гаруй оронд 250.000 орчим Монголчууд ажиллаж сурч хөдөлмөрлөж байна гэсэн албан бус тоо баримт байдаг. Солонгос улсад гэхэд л 30 гаруй мянган Монголчууд байгаагаас 90 гаруй хувь нь эрчүүд байна. Өөрсдийн гэсэн орох оронтой ,унах унаатай хүнээс дутуугүй эхнэр хүүхдээ аваад явчих бодлыг тээж нутгийнхаа чулуунаас дээжлэн авч,хамгаас хайртай аав,ээж,хань үр хүүхдийнхээ зургийг элгэндээ тэвэрч, харийн нутагт очно. Халуунд нь халж хүйтэнд нь хөрч өөрсдийнх нь хийхгүй голдог хүнд хүчир, хортой ажлыг цаг наргүй хийж эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгаас хайртай хүмүүсээ санахын жаргал зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч,ганц өдрийн өмнө болтугай эхнэрээ,охиноо,хүүгээ тэврэхийг мөрөөдөж хаа холоос биесээ санагалзаж, зорьж очсон зорилгоо хурдан биелүүлээд бицан ирж, амьдралаа бүтэн болгох хором мөчийн төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэдэг гэдэгт би итгэдэг.Эдгээр эрчүүдээ би л лав муу эр хүн гэж хэлэхгүй.Өнөөдөр Монголын олон олон гэрт аавууд нь эзгүй байна. Эр хүн болгон төлөвшүүлэх ,эцгийн сургаалыг сонсолгүй эрэгтэй хүүхдүүд өсөж торниж байна.Би үүнд харамсаж явдагаа нуугаад яахав дээ.

Эмээл дээр ургасан уул атлаа

Элгэнд чинь багтсан толгод эр хүнийг хайрлаж яваарай гэж Б.Лхагвасүрэн яруу найрагчийн шүлэглэсэнчлэн Монголын хацар гоо бүсгүйчүүд минээ!.Эр хүн гэдэг чинь наанаа хатуу ширүүн харагдах гээд байдаг боловч цаагуураа бол их зөөлөн,уяхан байнга л хайр нэхэж байдаг хүмүүс шүү дээ.Эр хүн ер нь их хайрыг эрэлхийлдэг, хайртай хүнээ олсон л бол тэр хайрандаа дийлдэн нялхардаг өчүүхэн хүмүүс шүү дээ.Эр хүн гэдэг ханиа харахаараа нялхардаг,тунимтгай байнга хайр нэхэж байдаг.Тэрийг нь эмэгтэй хүн ойлгож, байнга 'миний хань хичээгээрэй чи минь сайн явбал бид чинь дагаад сайн явна шүү" гэж урмын үгээр шагнаж, тэтгэж, өнгөлж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь эмэгтэй хүн эр хүнийг шүтэж амьдарснаар муу байдаггүй харин ч гэр бүл нь өнгөтэй өөдтэй байж улмаар улс орон хөгжилд нэмэртэй болов уу ?.

Уул шиг ханхайж тэнгэр баганадсан эр хүн таны хайр

Уудам энэхэн орчлонгийн амин эрдэнэ юм шүү гэсэн сайхан шүлэгийн мөрөөр нийтлэлээ өндөрлөе дөө.Монгол эр хүн хүчтэй тэнгэрлэг байх болтугай

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар