Хайлт

Зургийн Сангаас

Sunday, December 5, 2010

Монгол эрчүүдээ өмөөрөхүй

Монгол эр хүн хүчтэй хийморьтой байж Монгол улс хүчтэй байна.Тиймээ! Түүхийн хатуу ширүүн зуунуудад морины нуруун дээр илд ,саран бамбай барьж,исгэрэх сумны өөдөөс аймшиггүй тэмцэж явсан Монгол эр хүний нуруун дээр ихэнх он жилүүд өнгөрч, та бидний энэ амьдарч байгаа эрх чөлөө тусгаар тогнолыг авчирсан гэвэл маргах хүн гарахгүй биз ээ.. Монголчуудыг хүчтэй ард түмэн байлгахын гол үндэс нь, голомтон дээрээ төрсөн нуган үрээ эрхэмлэн дээдэлж их холын ухаанаар эр хүнийг бэлтгэх Монгол ухаан байсан. Үүний тод жишээ нь үндэсний бөхөөрөө дамжуулж эрэгтэй хүүхдээ төлөвшүүлэн хүмүүжүүлж ирдэг байсан баялаг туршлагатай ард түмэн билээ. Бөх нь түвшин бол Монгол эр хүн түвшин байна,эр хүн нь түвшин бол гэр бүл түвшин байна,гэр бүл түвшин бол улс орон түвшин байна гэсэн ардын сайхан сургааль байдаг.

Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм хамт олон,гэр бүлд эр хүнийг эрхэмлэх чанар алдагдаад байгаа нь ажиглагдах боллоо.Мэдээллийн хэрэгсэлүүдээр сөрөг мэдээлэл сэтгэгдэлүүд гарч эрчүүдийг зэмлэх,гутаах,арчаагүйгээр нь дуудах доромжлох хандлага мэр сэр гарах болсоныг нуугаад яахав. .Монгол сайхан аавын охин болж төрчихөөд Монгол эр хүнийг муулдаг бүсгүй байдаг гэдэгт би эргэлздэг.Нээрээ Монгол эрчүүд маань ийм арчаагүй сул дорой болчихсон юмуу гэж бодоод эргэн тойрныхоо эрчүүдийг ажихад бүгд л өөрийн гэр бүлийнхээ төлөө үүргээ ухамсарлаад зүтгэж л байх юм. Мэдээж эр хүнд, хүнд байдаг сайн,муу чанарууд аль аль нь зэрэгцэн оршиж л байгаа шүү дээ. Нийгэмд эр хүний үнэ цэнийг бууруулах сөрөг сурталчилгаа их явагдаж байна.Би өөрөө эр хүн учраас эр хүнд буруу өгсөн аливаа зүйлд дургүйдээ эрчүүдээ өмөөрч энэхүү нийтлэлээ бичиж сууна.

Түүхийн хатуу хүтүү нугачаанд Монгол эрчүүдэд чиглэсэн, Монгол эрчүүдийн хүч чадлыг доройтуулж, улмаар Монгол улсыг хүчгүй сул байлгах харийн бодлого олон зуунаас эхтэй одоо хүртэл үргэлжилж л байна.Манжийн дарлалд 200 жил болоход айл болгоны эр хүнийг номхон хүлцэнгүй байлгахын тулд хүчээр лам болгож байсан бол Ардын Хувьсгал ялснаас хойш буюу 1937-1939 оны хооронд тухайн үед Монголын хүн амын 10% болох 80.000 орчим эх орноо гэсэн сэтгэлтэй аль өнгөтэй өөдтэй мэдлэгтэй сэхээтэн,цэргийн зүтгэлтэн эрчүүдийг хэлмэгдүүлж буудан хороож,тамлаж,шоронд хорьж байсан бол 1970-1980 оны үед сэхээтний төөрөгдөл нэрийн дор олон олон эрчүүдийг хэлмэгдүүлж байсан.1990 оноос хойш ардчилал зах зээлийн нийгэм байгуулж эхэлсэнээс хойш мөн л энэ байдал үргэлжилж хятадаас тонн тонноор нь хүний оюун ухаанд нөлөөлөх спиртийг үнэгүй шахам оруулж ирж архин далайд Монгол эрчүүдийг живүүлэх бодлого явагдсан шүү дээ.

Эр хүн гэдэг маш том бодьгал юм.Эр хүний орон зайд улс орон,хань ижил, үр хүүхэд нөмөрлөж байдаг гэдэг шүү дээ. Зууны манлай дуучин Б.Сарантуяа нэгэн ярилцлагандаа "Хүүгээ эзгүй байхад гэр нь хоосроод эзгүйрдэг. Эр хүн гэдэг чинь багаддаггүй юм байна лээ" гэж дурдсан байсан.1994 оноос хойш Монгол улсыг хөгжүүлэх хүчирхэг эрүүл чийрэг, нөхөн үржихүйн насны ид хийж бүтээх насны эрчүүдийг Япон.Солонгос,Чех улсуудад экспортлох болсон.Монгол улс шиг улс төрийн намууд нь сонгуульд өрсөлдөхдөө Монгол улсыг хөгжлийн төлөө бус харь орныг хөгжүүлэх бодлого барьж Монгол улсыг хөгжүүлэх эр хүнийг гадаадад ажиллах хүчин нэрээр гаргаж байдаг улс манайхаас өөр байдаг болов уу???

Одоо дэлхийн 140 гаруй оронд 250.000 орчим Монголчууд ажиллаж сурч хөдөлмөрлөж байна гэсэн албан бус тоо баримт байдаг. Солонгос улсад гэхэд л 30 гаруй мянган Монголчууд байгаагаас 90 гаруй хувь нь эрчүүд байна. Өөрсдийн гэсэн орох оронтой ,унах унаатай хүнээс дутуугүй эхнэр хүүхдээ аваад явчих бодлыг тээж нутгийнхаа чулуунаас дээжлэн авч,хамгаас хайртай аав,ээж,хань үр хүүхдийнхээ зургийг элгэндээ тэвэрч, харийн нутагт очно. Халуунд нь халж хүйтэнд нь хөрч өөрсдийнх нь хийхгүй голдог хүнд хүчир, хортой ажлыг цаг наргүй хийж эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгаас хайртай хүмүүсээ санахын жаргал зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч,ганц өдрийн өмнө болтугай эхнэрээ,охиноо,хүүгээ тэврэхийг мөрөөдөж хаа холоос биесээ санагалзаж, зорьж очсон зорилгоо хурдан биелүүлээд бицан ирж, амьдралаа бүтэн болгох хором мөчийн төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэдэг гэдэгт би итгэдэг.Эдгээр эрчүүдээ би л лав муу эр хүн гэж хэлэхгүй.Өнөөдөр Монголын олон олон гэрт аавууд нь эзгүй байна. Эр хүн болгон төлөвшүүлэх ,эцгийн сургаалыг сонсолгүй эрэгтэй хүүхдүүд өсөж торниж байна.Би үүнд харамсаж явдагаа нуугаад яахав дээ.

Эмээл дээр ургасан уул атлаа

Элгэнд чинь багтсан толгод эр хүнийг хайрлаж яваарай гэж Б.Лхагвасүрэн яруу найрагчийн шүлэглэсэнчлэн Монголын хацар гоо бүсгүйчүүд минээ!.Эр хүн гэдэг чинь наанаа хатуу ширүүн харагдах гээд байдаг боловч цаагуураа бол их зөөлөн,уяхан байнга л хайр нэхэж байдаг хүмүүс шүү дээ.Эр хүн ер нь их хайрыг эрэлхийлдэг, хайртай хүнээ олсон л бол тэр хайрандаа дийлдэн нялхардаг өчүүхэн хүмүүс шүү дээ.Эр хүн гэдэг ханиа харахаараа нялхардаг,тунимтгай байнга хайр нэхэж байдаг.Тэрийг нь эмэгтэй хүн ойлгож, байнга 'миний хань хичээгээрэй чи минь сайн явбал бид чинь дагаад сайн явна шүү" гэж урмын үгээр шагнаж, тэтгэж, өнгөлж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь эмэгтэй хүн эр хүнийг шүтэж амьдарснаар муу байдаггүй харин ч гэр бүл нь өнгөтэй өөдтэй байж улмаар улс орон хөгжилд нэмэртэй болов уу ?.

Уул шиг ханхайж тэнгэр баганадсан эр хүн таны хайр

Уудам энэхэн орчлонгийн амин эрдэнэ юм шүү гэсэн сайхан шүлэгийн мөрөөр нийтлэлээ өндөрлөе дөө.Монгол эр хүн хүчтэй тэнгэрлэг байх болтугай

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар

1 comment:

  1. yooyo sak sak nz ohin maani unshaad iim setgeltei boloosoi!

    ReplyDelete