Хайлт

Зургийн Сангаас

Tuesday, November 2, 2010

Монголынхоо нэрийг дэлхийн давцанд гаргаж яваа мундаг хүмүүстээ амжилт хүсье


Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах наадмын хагас шигшээд Монгол бүсгүй багтав
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 60 дахь удаагийн наадам БНХАУ-ын Санья арал дээр болж, уржигдар өндөрлөлөө. “Miss world 2010” наадамд дэлхийн өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн оролцсон А.Сарнай шилдэг 25 оролцогчийн нэгээр тодорч хагас шигшээд багтсан юм.

А.Сарнайтай тэмцээнийх нь дараа утсаар холбогдлоо.

-Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.

-Шилдэг 25 бүсгүйг зарлаж байхад Монголчууд бид амьсгаа даран чагнаж суулаа. Тэр мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд орохоос өмнө ч би өөртөө итгэлтэй байгаагаа хэлж байсан. Өөртөө итгэлтэй хүний алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл илүү сайхан харагддаг шүү дээ. 25 бүсгүйгээс таван бүсгүй тэмцээнүүдэд түрүүлээд шалгарсан байсан. Шилдэг 20-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. “Надад дахин нэг боломж олгооч, долоод шалгарч, дэлхийн миссийн тайзан дээрээс үг хэлэх боломж олгооч” гэж маш их залбирсан. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ шилдэг 25-д орсондоо маш их баяртай байгаа. Энэ бол миний хувьд төдийгүй Монголын хувьд том амжилт гэж дүгнэж байна.

-Шилдэг 25-д шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Дэлхийн миссд орсон маань маш том хувь тохиол байсан. Яагаад гэхээр өмнө нь миссийн тэмцээнүүдэд орж байхдаа дэлхийн миссийн тэмцээнийг уулын оргил гэж дүгнэж байсан. Энэ оргилд хүрэхийн тулд би асар их хичээл зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хүссэн. Надад олон сайхан хүмүүс тусалж, дэмжиж, тэдний сэтгэлийн дэмээр шилдэгт шалгарч чадлаа гэж бодож байна.


-Дэлхийн миссээр шалгарсан Америкийн бүсгүй болон эхний байруудад орсон бүсгүйчүүдийн талаар ямар бодолтой байна вэ. Чиний хувьд аль улсын миссийг дэмжиж байв?
-Миний хувьд Америк бүсгүй түрүүлсэнд баяртай байгаа. 18 настай маш сайхан охин. Хоёр, гуравдугаар байрт ч сайхан охид орсон. Би хувьдаа шагнал нь эзнээ олсон тэмцээн болсон гэж бодож байна. Охид өөрсдийн гэсэн гадаад, дотоод гоо сайхантай. Улс орныхоо соёл, түүхийг хадгалсан юм шиг санагдсан.

Тэмцээний дараа шүүгчид болон шүүгчтэй хамт суусан долоон мисс ирээд “Чамд баяр хүргэе, чи ёстой амжилттай оролцсон. Тэмцээнийг шүүх ямар хэцүү байсныг ойлгоорой. 115 орны сайхан бүсгүйчүүдийг хооронд нь харьцуулна гэдэг боломжгүй зүйл. Та нар бүгд маш сайхан. Та нар хэзээний ялагчид гэдгийг үргэлж санаж, сэтгэл зүрхэндээ хадгалж яваарай гэж хэлсэн. Энэ бол асар том урам зориг өгсөн сайхан үг байсан.

-А.Сарнай спортлог мисс тэмцээнд шилдэг 20-д шалгарч чадсан нь бас нэг том амжилт байлаа. Гоо бүсгүйчүүд хэр хүчтэй өрсөлдөгчид байв?
-Би хувьдаа өдөр тутам, эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллэдэг. Гэхдээ амьдралдаа хэзээ ч 115 орны сайхан охидтой спортоор өрсөлдөнө гэж төсөөлж байгаагүй. Өөрийнхөө багтсан багийн таван охины нэг болж тамирчнаар тодрохдоо би үнэхээр өөртөө итгээгүй. Миний баяртай мөчүүдийн нэг байсан. Ямар ч байсан бид хөгжилтэй байсан. Холын зайд уралдсан, уртын харайлт хийсэн, усанд сэлсэн, буухиа тэмцээн болсон. Хөнгөн атлетик, хоккейн мэргэжлийн тамирчин охид ч байсан. Тэдэнтэй нэг дор өрсөлдөнө гэдэг хөгжилтэй, сайхан л байсан.

-Эхний өдрийн хүлээн авалтад өмсөж орсон хувцас чинь оролцогч бүсгүйчүүд төдийгүй шүүгчдийн анхаарлыг ихэд татсан гэсэн. Түүнээс болоод энэ өдрийн үйл ажиллагаа шалгаруулалтад нөлөөлөхгүй гэсэн мэдэгдэл гаргахад хүргэсэн байсан. Тэнд яг юу болсон юм бэ?
-Тийм үү. /инээв/ Охид болон шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Би Монголоо төлөөлж “Дэлхийн мисс”- д орж байгаа болохоор цаг тутамдаа эх орныхоо соёл, түүх, зан заншлыг сурталчлах асар том үүрэг хариуцлага хүлээж явсан учраас ямар хувцастай оролцох нь миний эрхийн асуудал. Монголын үндэсний хувцас хамгийн гайхамшигтай сайхан нь байдаг. Миний хувцас шүүгч төдийгүй хүн бүхний анхааралд өртөж чадсан. Тэр нь шүүгчдийн шалгаруулалтад ямар нэг байдлаар нөлөөлөх эсэхийг зарлаагүй. Гэхдээ миний бодлоор шууд утгаар шүүгчид шалгаруулалтад нөлөөлөхгүй гэж байгаа ч бүгдийнх нь анхаарлыг татна гэдэг амжилт шүү дээ.


Дэлхийн олон хүмүүст Монголынхоо үндэсний хувцас, соёл, гоо сайхнаа харуулж, бахархуулж, бишрүүлж байгаадаа баяртай байна. Би өөрөө мэдээгүй байхад энэ тухай Монголоос маань холбооны эгч утасдаад хэлэхэд нь хувьдаа баярлаж байлаа.

-Далайн эргийн гоо бүсгүйн шилдэг 40-д багтсан байх. Бүгд ижил хувцастай оролцсон юм уу?
-Тэмцээний урьдчилан шалгаруулалтаар шүүгч нар нэг өрөөнд суугаад биднийг нэг нэгээр нь оруулж харсан. Тайзан дээрээс харагдах нэг өөр, ойроос харах бас өөр шүү дээ. Эхний шалгаруулалт усны хувцастай гараа байсан болохоор сандарч байсан. Гэхдээ ямар ч байсан 40-д шалгарсандаа баяртай байгаа. Миний усны хувцас хамгийн гоё нь байсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр би энд хоёр төрлийн усны хувцас авчирсан юм. Шалгаруулалтын өмнөх хоёр цагт би өөрийгөө бэлдэж байх явцдаа усны хувцсаар гоёх шаардлага гарсан. Бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад миний хувцас гоёл багатай юм шиг санагдахаар нь нэгнээс нь гинж, гялалзсан зүүлтийг нь аваад нөгөөдөхөд нь оёсон. Маш хурдан хугацаанд гоё загварын усны хувцас зохиож өмссөндөө баярласан. Шалгаруулалтад оролцохдоо алхаа гишгээ бүх юм маань сайхан байсан.

-Өвөрмонголын Ордост очиход Монголын мисс гэсэн утгаар нь чамайг онцолж, ач холбогдол өгсөн үү. Тэнд ямар сэтгэгдэл төрж байв?
-Надад гэртээ байгаа юм шиг санагдсан. Сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийн миссийн 60 дахь жилийнх нь ойгоор зургаа дахь Монгол оролцогч, Чингис хааны бунхан дээр ирсэн нь асар их бэлэгшээлтэй, урам зориг өгсөн арга хэмжээ болсон. Өвөрмонголчууд намайг онцолж дэмжээд, гар гараасаа барьчихаад ”Монгол” гэж орилж байхад сайхан сэтгэл төрөлгүй яахав. Бүх улс орны охид маань Чингис хааны, Монголын тухай түүх соёл, зан заншил, хувцсыг харж, тэдэнд хадагтай архи барьж хүндэтгэсэн. Цам харайлт, бөх барилдаан, морин уралдаан гээд бүгдийг үзсэн.

Хэдийгээр Өвөрмонголд ч гэлээ би Монголынхоо түүх соёлоор бахархсан. Монголд хамгийн ойр ирж, хүмүүстэй уулзаж, түүх соёлыг мэдэж, өөрсдийн соёлоо солилцож цаг мөчийг сайхан өнгөрөөсөнд баяртай байна.


-Бүтэн сарын турш орон орны миссүүдтэй хамт байсан. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамжуудаас хуваалцаач?
-Хөгжилтэй зүйлс зөндөө байсан. Өмнө нь бэлтгэл дээр Монгол, Ангол, Молдав гээд дуудахаар хоорондоо адилхан сонсогдоод гурвуулаа зэрэг гарч байсан юм. Гэтэл сүүлийн шатанд 25-д үлдэхэд Монголиа гэхэд нь Молдав гэсэн юм биш байгаа гэж бодож зогссон. Тэгэхэд хажуугаас Монтенигрогийн охин чамайг дуудлаа гэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний хувьд их сайхан тэмцээн болж өнгөрлөө.

-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Удахгүй харина. Гэрээ их санаж байна. Долоон сард гэрээсээ гарсан. Харих гэж байгаадаа маш их баярлаж байгаа. 30 хоног гэдэг урт хугацаа шиг санагдаж байсан ч тэмцээн уралдааны үеэр маш хурдан өнгөрсөн. Гэхдээ насан туршдаа дурсаж явах маш сайхан мөчүүдийг өнгөрөөлөө. Удахгүй Монголдоо очоод та бүхэнтэйгээ уулзана гэхээс сайхан, сэтгэл догдолж байна.

-Бидэнтэй холбогдож ярилцсан чамд баярлалаа.

Хэрвээ миссдээ анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж илүү сайн бэлддэг бол дэлхийн титэм тун удахгүй Монголд ирэх боломж байгааг А.Сарнай маань харууллаа. 60 дахь жилдээ зохиогдож буй энэ наадам үзэгчдээрээ хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа ордог. “Десофт медиа” групп зургаа дахь удаагаа гоо үзэсгэлэнгийн их наадам болсон “Дэлхийн мисс”-т Монголынхоо гоо бүсгүйчүүдийг өрсөлдүүлэх боломж олгосон юм. Мөн “UBS” телевиз “Десофт медиа” групп хамтран тав дахь удаагаа дэлхийн мисс тэмцээнийг шууд дамжууллаа.

Тэрбээр наадмын хүрээнд зохион байгуулсан “Далайн эргийн гоо үзэсгэлэн” шалгаруулалтад шилдэг 40 бүсгүйд багтсаны зэрэгцээ “Мисс спорт” төрлийн шилдэг топ 20-д шалгарсан юм. Хэдийгээр монгол бүсгүй энэ наадмын тэргүүн титмийг хүртээгүй ч гоо үзэсгэлэн, сайн санааны үйлс, авьяас чадвараараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан А.Сарнайд талархал илэрхийлье. Тэрбээр МУИСийн Биологийн факультетийг Байгаль хамгааллын мэргэжлээр дүүргэж өдгөө Калифорнийн Сакраментогийн коллежид мэргэжлээрээ сурч буй.

Өмнө нь А.Сарнай Монголын сайхан бүсгүй-2004 наадмын тэргүүн титмийн эзнээр тодорч, 2008 онд болсон “Эх дэлхийн мисс” наадамд оролцож байжээ. “Miss world 2010”-ын титмийн эзнээр АНУ-ын гоо бүсгүй Александра Мийлс шалгарч, Ботсваны Эмма Вареус, Венесуэл улсын мисс Адриана Васини нар удаалав.

-Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.


БЛИЦ:
Овог, нэр: Амарын САРНАЙ
Нас: 23
Өндөр: 178 см
Жин: 58
Биеийн харьцаа: 91х61х92
Эзэмшсэн хэл: Англи, орос, япон
Хообий: Зураг зурах
Гэр бүлийн байдал: Найз залуугүй


1 comment:

  1. манай монгол охид үнэхээр мундаг

    ReplyDelete