Хайлт

Зургийн Сангаас

Tuesday, November 2, 2010

А.Сарнай шилдэг 25-т багтлаа Хятадын Хайнань мужид зохиогдсон “Дэлхийн мисс”-ийн 60 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний тэргүүн байр, Дэлхийн миссээр Америкийн гоо бүсгүй Александрия Миллс шалгарлаа.

18 настай Америкийн гоо бүсгүй ийнхүү дэлхийн миссийн алтан титмийг зүүж, уг тэмцээнд оролцсон 114 орны гоо бүсгүйчүүдийг тэргүүллээ.

Харин аман хүзүүнд Ботсваны гоо бүсгүй Эмма Вариус шалгарсан бол гуравдугаар байрт Венесуэлийн гоо бүсгүй Адриана Васайни нэрлэгдлээ.

Манай улсаас энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А.Сарнай шилдэг 25-д шалгаран, улсынхаа хамгийн дээд амжилтыг тогтоосон юм.

Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.

-Шилдэг 25 бүсгүйг зарлаж байхад Монголчууд бид амьсгаа даран чагнаж суулаа. Тэр мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд орохоос өмнө ч би өөртөө итгэлтэй байгаагаа хэлж байсан. Өөртөө итгэлтэй хүний алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл илүү сайхан харагддаг шүү дээ. 25 бүсгүйгээс таван бүсгүй тэмцээнүүдэд түрүүлээд шалгарсан байсан. Шилдэг 20-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. “Надад дахин нэг боломж олгооч, долоод шалгарч, дэлхийн миссийн тайзан дээрээс үг хэлэх боломж олгооч” гэж маш их залбирсан. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ шилдэг 25-д орсондоо маш их баяртай байгаа. Энэ бол миний хувьд төдийгүй Монголын хувьд том амжилт гэж дүгнэж байна.

-Шилдэг 25-д шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Дэлхийн миссд орсон маань маш том хувь тохиол байсан. Яагаад гэхээр өмнө нь миссийн тэмцээнүүдэд орж байхдаа дэлхийн миссийн тэмцээнийг уулын оргил гэж дүгнэж байсан. Энэ оргилд хүрэхийн тулд би асар их хичээл зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хүссэн. Надад олон сайхан хүмүүс тусалж, дэмжиж, тэдний сэтгэлийн дэмээр шилдэгт шалгарч чадлаа гэж бодож байна.


БЛИЦ:
Овог, нэр: Амарын САРНАЙ
Нас: 23
Өндөр: 178 см
Жин: 58
Биеийн харьцаа: 91х61х92
Эзэмшсэн хэл: Англи, орос, япон
Хообий: Зураг зурах
Гэр бүлийн байдал: Найз залуугүй

No comments:

Post a Comment