Хайлт

Зургийн Сангаас

Monday, November 22, 2010

“Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөр

Ерөнхий сайд С.Батболд санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор баталлаа.

Монгол Улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл дээр 2010-2015 онд 40 000 гаруй ажлын байр шинээр бий болохоос 6000 гаруй инженер, техникийн ажилтан шаардлагатай болох юм. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч тухайн үйлдвэрлэл дээр ажиллах, шаардлага хангахуйц нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус, дотооддоо богино хугацаанд бэлтгэх боломж хязгаарлагдмал байгаагаас ажиллах хүчний хомсдолыг одоогоор гадаадаас ажиллах хүч авах замаар хэсэгчилэн шийдэж байна.

Нөгөө талаас өнөөдөр албан бус тоогоор 200 000 гаруй Монгол Улсын иргэд хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог Монгол Улсын хөгжлийн төлөө үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах, нөөц бололцоогоо ашиглах шаардлага тулгараад байна.

Дэлхийн улс орнуудын амжилттай хөгжлийн түүхээс харахад диаспора буюу хилийн чанад дахь иргэдийнхээ мэдлэг чадварыг улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд татан оролцуулсан арвин туршлагууд байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын аж үйлдвэржилтийн түүх, Энэтхэг, Армян зэрэг улсуудын мэдээллийн технологийн салбар, Хятад улсын өндөр технологийн салбарын хөгжилд гадаад дахь өндөр боловсрол, мэдлэг туршлагатай диаспора чухал үүргийг гүйцэтгэсэн байна. Хилийн чанад дахь иргэдээрээ дамжуулан хөгжингүй орнуудын технологи, мэдлэг, менежментийн ур чадварыг шууд дамжуулан авах, бизнесийн, судалгааны түншлэл бий болгох, хөгжүүлэх нь харьцангуй энгийн бөгөөд үр дүнтэй арга зам байдаг.

“Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх Зөгийн үүр” хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүллээ.

1. Хилийн чанад дахь иргэдийг эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, судалгаа хийх, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн холбогдох мэдээллээр хангах тогтолцоог бүрдүүлэх;
2. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд Монголын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллахад таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
3. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллах тохиолдолд үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгох;

“Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, түүний дотор хүн амын бүртгэлийг төгөлдөржүүлэх зорилт, хүн амын 2011 оны улсын тооллого, иргэний шинэчилсэн бүртгэл, “Хүний хөгжил сан”-гийн үйл ажиллагаа, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, засгийн газраас хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүд, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” зэрэг бодлогын баримт бичгийн болон бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилттэй уялдуулан зохион байгуулахаар боловсруулсан бөгөөд хэрэгжилтийг ЗГХЭГ-ын дарга тэргүүлдэг Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” хариуцаж ажиллах юм.

Гадаадад байгаа иргэдээ улс орны бүтээн байгуулалтад оролцоход төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Төрөөс харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшсэн, тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд Монгол дахь ажил олгогчид, судалгааны байгууллагуудтай холбогдон эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
ХЧАБМУИХА Зөвлөл

No comments:

Post a Comment