Хайлт

Зургийн Сангаас

Monday, November 22, 2010

Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих төрийн бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр



Гадаад улсаас манай улсад ирж, ажиллаж амьдарч буй иргэдийн хэргийг эрхлэх тусгай агентлаг байдгийг бид мэднэ. Харин гадаадад амьдарч буй өөрийн иргэдийн асуудлыг цогцоор нь анхаарах байгууллагагүй явсаар өнөөг хүрлээ. Харин саяхнаас Засгийн газрын дэргэд Зөвлөл байгуулагдан хилийн чанадад амьдарч буй 200 мянга орчим иргэдээ төрийн бодлогын түвшинд анхаарч эхэлснээрээ онцлог юм. Тэгээд ч харьд суугаа монголчуудын 90 гаруй хувь нь сонгуулийн эрх бүхий, оюуны болон хөгжлийн өндөр чадамжтай иргэд байдаг юм. Энэ сэдвээр Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.

Зөвлөл чухам ямар үүрэгтэй талаар эхлээд тодруулахгүй юу?

- Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй. Салбар дундын зохицуулалт хийх, салбарын яамдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах үндсэн чиг үүрэгтэй зөвлөлдөх байгууллага гэсэн статустай.

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах тухай яригдахад эхний ээлжинд хилийн чанад дахь хүмүүсээ ч тоолоогүй байж гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тооцоо одоо бэлэн болсон уу?

- Өнөөдөр 200 мянга орчим иргэд хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад энэ нь манай улсын 22 дахь аймаг гэж үзэж болохуйц том тоо юм. Энэхүү “шинэ” аймгийн онцлог нь хоорондоо жаахан зайтай олон сумдтай боловч бусад аймагтай харьцуулахад мэдээлэл түгээлээ гэхэд цаг алдаж, шуудан энэ тэр гэх шаардлагагүй. Зөв зохион байгуулж чадвал ганцхан кноп дараад л нэгэн зэрэг хоорондоо холбогдож болох онцлогтой.

Манай орны хувьд иргэд олноор хилийн чанадыг зорих нь гадаадаас мөнгө, туршлага, мэдээлэл технологийг оруулах сайн талтай боловч нөгөө талаас үндэсний чадавхитай боловсон хүчнүүдээ алдах, хүн амын хүйсийн болон хөдөлмөрийн чадвартай хэсгийн тэнцвэр алдагдах зэргээр нийгмийн бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс гадаадад байгаа иргэдийнхээ талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлоход салбарын яамдын үйл ажиллагааг уялдуулахад анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.

Монголын төр саяхнаас гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалъя, улс орныхоо бүтээн байгуулалтад нөөц, хүчин чадлыг нь ашиглая гэж ярих боллоо. Чухам ямар арга замыг олж харсан талаар тодруулахгүй юу?

- Мэдээллийн технологи, цөмийн физик, сансар судлал, уул уурхай, нано технологи гээд монгол хүний хүрээгүй салбар гэж алга. Монгол хүний чадавх үнэхээр өндөр байдаг юм байна. Эдгээр чадварлаг хүмүүсийн дийлэнх нь зөвхөн мөнгөний төлөө гадагш явдаг биш харин ажил мэргэжлээрээ өсч дэвжих боломж, шинийг бүтээх нөхцөл, амьдрах илүү тухлаг орчинг эрэлхийлсэн байдаг. Тиймээс тэднийг дэмжиж, эрх ашгийг хамгаалах, хүчийг нь нэгтгэн ашиглах бодлого хэрэгжүүлэх нь тэднийг эх орондоо ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэхээс дутуугүй чухал байна.

Өөр бас анхаарах зүйл байна. Саяхан манай их сургуулийн нэг багш ярьж байна лээ. Нано технологиор 22 оюутан төгсгөхөд 20 нь гадаад руу, тухайлбал Солонгос руу явах гэж байна гэж. Энэ юуг харуулж байна гэхээр манайх өндөр чадвартай хүмүүсээ нөөж авч үлдэх, оюутан болон гэрээт ажилчдыг зохион байгуулалттайгаар дэмжиж гадагш явуулж, солилцоог нэмэгдүүлэх талаар илүү бодолцох ёстойг харуулж байгаа юм.

Саяхан төрийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулж “Зөгийн үүр” хөтөлбөр явуулахаар болсон. Хэрэгжилтийг танай зөвлөл зохион байгуулах юм байна гэж ойлгосон?

- Ерөнхий сайд С.Батболдын санаачилж, үүрэг болгосны дагуу Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гадаадад байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “ Зөгийн үүр" хөтөлбөрийн төслийг боловсруулж ирүүлсэн. Хөтөлбөрийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлсэн. Одоо яамдуудаас саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлөөс чиглүүлэн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамтран хэрэгжүүлэх юм.

Гадаадаас эх орондоо аль чиглэлийн хүмүүсийг урихаар ярьж байгаа вэ. Ямар мэргэжилтнүүддээ төр санал тавих бол гэдгийг сонирхмоор байна?

- “Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийн эхний хоёр жилийн туршилтын хугацаанд нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр, нэн түрүүнд шаардлагатай мэргэжлүүдийг эхний ээлжинд сонгохоор болсон. Тухайлбал, өнөөдөр Монголд уул уурхайн нарийн мэргэжилтний эрэлт их байна. Нийтдээ 3100 ажлын байр бий. ҮХШХ-ноос хийсэн судалгаагаар цаашдаа 2015 он гэхэд уул уурхайн боловсруулах салбарын ажиллагсад 59208-д хүрэх прогноз гарсан. Уул уурхайн инженер, геологич инженер, химич инженер, геофизикч, геохимич, металлургийн инженер зэрэг мэргэжлийн эрэлт ирэх 2015 он гэхэд улам ихэснэ. Тиймээс тодорхой шалгуурыг хангасан монгол ажиллагсдын эрэлт цаашид ч өссөөр байх болно.

Ажлын байр өссөөр байх боловч “Зөгийн үүр” хөтөлбөрт тийм ч олон иргэн хамрагдахгүй юм байна. Тэгэхээр зохицуулалтыг хэрхэн хийхээр тооцсон бэ?

- Эхний ээлжинд бид гадаадад өөрийн оюуныг үнэлүүлж чадаж буй өндөр потенциалтай хүмүүсээ авчрая. Тэд цаашаа үржих ёстой. Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж байгаа.

Цалингийн болон бусад хөшүүрэг байж л өндөр мэргэжилтнүүд нутагтаа ирэх байх. Үүнийг нь ямар байхаар зохицуулж байна?

- Үүний тулд тэднийг нэн түрүүнд бодит мэдээллээр хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинээр бизнесээ эхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр ярьж байна. Бас зээлд хамрагдах боломж бүрдүүлэх, тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалингийн нэмэгдэл урамшуулал олгох, судалгааны тэтгэлэг олгох зэргээр тусгагдсан байгаа. Мөн хилийн чанадад нэгэнт төвхнөсөн иргэдийг заавал бүрмөсөн нутагт нь ирүүлэх бус, тэнд нь хамтран ажиллах, түр хугацаагаар ирж очих зэрэг олон хэлбэрээр ажиллах боломжтой гэж үзэж байгаа.

Өнөөдөр уул уурхайн салбарт гадаадад үнэлэгдсэн “зөгий” хэр олон байдаг бол. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа мэргэжил энэ бололтой?

- Хэн, хаана, ямар мэргэжлээр сурч, ажиллаж буй талаар нарийвчилсан судалгааг эхлүүлж байна. Хилийн чанадад буй монголчуудын холбоо, Элчин сайдын яамдтай хамтарч судалгааг хийнэ. Мөн ирэх долдугаар сард Ерөнхий сайдын ивээл дор гадаадад сурч, ажиллаж буй оюутан, эрдэмтэн, судлаачдын чуулга, уулзалтыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсоно. Шилдэг илтгэлүүдийг тавиулах, салбар хуралдаануудыг салбарын яамдын оролцоотойгоор зохион байгуулж, тэднийг холбох, цаашид хамтран ажиллах боломж, ажлын цар хүрээгээ тодорхойлох, судалгаа хийх зорилго бүхий анхны чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймэрхүү чуулга, уулзалт хилийн чанадад л олон удаа зохиогддог гэж сонссон. Харин эх орондоо хийж буй нь анхных уу?

- Ер нь эх орныхоо хөгжил, өрсөлдөх чадварт хэн илүү санаа зовдог гээч. Эх орондоо байгаа хүмүүсээс илүү гадаадад буй иргэд. Орчин нь ч тэднийг тийм болгодог байх. Тэд өөрсдийн санаачлагаар цаг заваа гаргаж, хандив мөнгөө цуглуулж, улс орныхоо хөгжлийг хэрхэн хурдасгах талаар зөвлөлдөн чуулдаг. Үнэхээр бахархмаар. Энэ онд гэхэд Америкт, Англид, Италид чуулсан. Тэдний дундаас Британийн монголчууд энэ жил “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулсан. Оролцогсдын тоо эрс нэмэгдэж, европын найман орноос төлөөлөгчид ирж салбар хуралдаануудаараа нийт 23 илтгэлийг сонсч хэлэлцсэн байна билээ. Эндээс маш олон шинэ санаа, шилдэг илтгэлүүд гардаг учраас эднийг эмхэтгэн хэвлүүлж, төр засгийн удирдлагуудад хүргэх, нийтийн хүртээл болгох нь улс орныхоо хөгжилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Зөвлөлөөс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын цар хүрээ ямархуу байхыг тодруулж болох уу?

- Үндэсний хөгжлийн цогц бодлогод, “Гадаадад өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих” тухай заалт бий. Энэ нь манай Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн захиалга болж байгаа юм. Тиймээс асуудлыг аль нэг яам, салбарын хүрээнд яриад шийдэх боломжгүй. Салбар дундын зохицуулалт, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ чиг үүргийнхээ дагуу л ажлаа төлөвлөж, салбарын яамдтай болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран төр, иргэний түншлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Энэ жилдээ багтаж хэрэгжүүлэх тоймтой ажлуудаасаа дурьдвал?

- Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг гарсных нь дараа биш харин хил давахаас нь өмнө бодит мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд зориулж Зөвлөлөөс төрийн холбогдох яам, агентлагуудтай хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжилтнүүд тухай бүр очиж сургалт явуулах, иргэдэд зөвлөгөө өгч, нэгдсэн гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулж, хэвшүүлэ гэж байна.

Эрхзүйн орчны тухайд ямар шинэлэг санаа дэвшүүлж байгаа бол?

- Эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Гадаадад ажиллах хүч илгээх авах тухай, Сонгуулийн тухай, Харьяатын тухай зэрэг хуулиудын төсөлд онлайн хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж оруулахаар ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж буй иргэдийнхээ нийгмийн даатгалыг харилцан зөвшөөрөх механизмыг бүрдүүлэх талаар НХХЯ идэвх санаачлагатай ажиллаж, Солонгос улстай гэрээ хийсэн ба мөн Чех, Унгар зэрэг улсуудтай уг гэрээг үзэглэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэдтэй холбоотой хууль, тогтоол, дүрэм журмын эмхэтгэл гаргах, мэдээллийн бааз бүрдүүлэх, судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд гадна дотнын салбарын уулзалтуудыг зохион байгуулах, бусад ижил төстэй байгууллагын туршлага судлах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Дашрамд дурдахад манай зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох www.cooperation.gov.mn гэсэн хаягаар зочилж, бидний ажилтай дэлгэрэнгүй танилцаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг урьж байна.







No comments:

Post a Comment